Sunday, January 4, 2009

Алсын хараа

Шинэ он гараад ажлын эхний өдөр. Өнөөдрөөс эхлэн 2009 оны төлөвлөгөөт ажилдаа орж байна да. Ингээд бодохлээр амьдрал агуу, бас баялаг юм.

Амралтын хэдэн хоногоороо Л.Оюун-Эрдэнэ-ийн 2008 онд гаргасан Алсын хараа гэдэг номыг уншлаа. Тус номонд алсын хараа гэж юу болох, зорилго, зорилтоос юугаараа ялгаатай, Алсын хараагаа хэрхэн тодорхойлох гэх мэт зүйлсийн талаар бичсэн байсан. Ер нь ном уншиж байхдаа аль болох өөрт хэрэгцээтэй хэрэгтэй гэсэн зүйлийг тэмдэглэн авахыг хүсдэг. Тус номноос хамгийн их сэтгэлд нийцсэн зүйл нь Цаг тутамд анхаарч явах гурван сэдэв гэсэн зүйл байлаа. Ингээд хамгийн таалагдсан нь Гомдол гэсэн сэдэв байлаа. Ер нь хүн яахлээрээ хүнд гомддын бол? гээд бодоод үзэхлээр хэтэрхий их итгэж найдсан хүн нь жаахан ч гэсэн годоох үг хэлэх, мөн үйлдэл хийх зэрэг ялимгүй шалтаг шалтгаан зэргээс шалтгаалан нэг нэгэндээ гомддог байна.

Тус номонд Гомдлыг Чөтгөрийн хавх гэж бичсэн байсан нь үнэхээр голоо олсон зүйрлэл юм. Гомдол ихэнх тохиолдолд үйлдлээс бус үйлдлийг хүлээн авч буй зүрх сэтгэлээс хамаардаг байна. Гомдсон зүрх сэтгэлээ эдгээж байхгүй бол улам бүр гомдомхой болсоор сүүлдээ хажуугаар нь мэндлэхгүй өнгөрөх, 5 минут хоцрох, утсаар ярихгүй удах, цай хийж өгөхгүй байх, зүгээр хэлсэн үгийг өөртөө тусгаж авах гэх мэтчилэн жижигхэн зүйлийг хүртэл гомдлын нүдээр шүүмжлэн хардаг нэгэн болж хувирдаг байна.

Гомдол бидний аз жаргал, цаг хугацаа, анд найз, ажил итгэлцэл, хайр сэтгэл, амьдралыг хүртэл булаан авч чадах зүрх сэтгэлд маань орших хөлгүй гүн ангал юм.

Ингээд бодохлээр аливаа зүйлд өгөөмөр зүрх сэтгэлээр хандаж сурах нь маш чухал юм байна. Гомдол танд ямар ч сайн зүйлийг авчрахгүйгээс гадна зөвхөн та өөрөө л зовох юм байна.

Энэ номыг олж уншсан даа сэтгэл хангалуун байгаа бөгөөд сүүлийн үед найзууд маань надад их гомддог болоод байгаа. Тэд нараасаа надад өгөөмрөөр хандаад нэг удаа уучлаасай гэж чин сэтгэлийн үгийг өвөрлөн энэхүү сэтгэлээ блогдоо үлдээлээ.