Sunday, March 29, 2009

БҮХ ЮМАНД ХОЁР ТАЛ БИЙ



Gogo.mn-ees

Миний бодлоор бүх зүйлс харьцангуй бөгөөд туйлын, үнэмлэхүй гэсэн ойлголт байхгүй бололтой. Алдарт Алберт Энштэйний харьцангуйн онол зөвхөн физик оронзайд ч бус бүх зүйл дээр байдаг гэж би ойлгодог билээ.

Өнөөдөр үнэн зүйл маргааш худал зүйл болж хувирч ч болно. Харин худал байсан юмс үзэгдэл үнэн болж ч мэдэх юм. Хорвоо дээр оршин тогтнож байгаа бүх зүйлс мөнх бус бөгөөд бүх үйлдэл, үйл явцад төгсгөл гэж бий.

Бид ихэнхдээ хүмүүсийг муу хүн, сайн хүн гэх мэтээр сэтгэл дотороо өөрийн мэдэлгүй ялгачихдаг. Үнэндээ бидний муу хүн гэж бодоод байгаа хүн өөр хэн нэгний хувьдхайрын эзэн, ханийн түшиг бурхан шиг сайн нэгэн ч юм бил үү. Ха

Таны амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдлоо гэж бодъё. Тэгвэл тэр хүнд хэцүү зүйлд сөхөрч ялагдахаасаа өмнө түүнийг үнэхээр муу зүйл мөнүү гэдгийг сайтар нягтлах хэрэгтэй. Италчуудын дунд өргөн хэрэглэгддэг үг л дээ “Хэрвээ байшин чинь нэгэнт шатаж байгаа бол чи ядаж дулаацаад аваач...” гэж. Хальтхан сонсоход ямар мулгуу үг вэ ч гэж бодмоор. Энэ нь саад, бэрхшээл, зовлонд ч бас ашигтай тал байдаг юмаа л гэсэн санаа. Хэрвээ чи шатаж байгаа байшингаа нэгэнт аварч чадхааргүй болсон бол тэр байдлын давуу талыг ашиглаа л гэсэн үг л дээ.

За тэгээд саад бэрхшээл байнаа гэдэг чинь тэрний цаана заавал нэг амжилт, аз жаргал байгаа гэсэн үг. Энгийн нэгэн жишээгээр тайлбарлахад л манай улсад эдийн засгийн хямрал боллоо гэж бодъё. Тэгвэл түүний ашигтай тал нь хүмүүсийг хямгач, тооцоотой байхад суралцуулж байгаа нэг хэлбэр гэх мэтээр ойлгож хүлээж авах хэрэгтэй. Эерэг нөхцөл байдал байхгүй байсанч тийм эерэг нөхцөл байдалруу хандуулах хэрэгтэй гэж байгаа юм. Бодоод байхнээ юм бүхэнд хоёр тал бий. Харин хүн та өөрөө асуудалд аль талаас нь хандаж байгаагаас шалтгаалж үр дүн нь ч бас өөр өөр байна. Та жижигхээн асуудлыг зовлон шаналал гэж хүлээж аваад байвал үнэхээр л зовлон болж хувирна. Харин эерэг талаас нь хүлээн авбал таньд төдий чинээ эерэг энерги мэдрэгдэх болно.

Хэрээс хэтэрсэн хоол хор болдог, хэмжээ нь таарсан хор эм болдог. Бүх зүйлд хоёр тал бий. Гагцхүү сонголт таны өмнө байна.

No comments: